Үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийн асуудлаар чухал уулзалт боллоо. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Батжаргал АҮЭБяам, Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Монголын үйлдвэрлэл технологийн паркуудын нэгдсэн холбоо болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд бизнесийн бодлогын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд бүсийн хөгжлийн бодлого, чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хоёр улсын хамтын ажиллагааны боломж, хөгжлийн шинэ гарцын талаар санал солилцсон юм. Мөн Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хоёр Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнөв.
Энэ үеэр Алтанширээт Үйлдвэрлэл, технологийн паркт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын явцтай газар дээр нь танилцсан бөгөөд уг бүтээн байгуулалт нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Уулзалтын төгсгөлд төр-хувийн хэвшлийн оролцоог бүрэн хангах, ҮТП-уудын бодлого, үйл ажиллагааг нэг зорилгод чиглүүлэн, хамтын шийдлээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал дэмжигдлээ.